САНД ХАНДИВ ӨРГӨХҮЙ (#10662)

*Бурханы анд нөхөд... бүр өчүүхэн бага ч гэсэн өөрийн боломжийн хэрээр хандив өргөвөл зохино.  Бурхан хүний хүч бололцооноос хэтэрсэн ачааг хэнд ч үүрүүлдэггүй.  Ийм хандив бүх төвүүд ба бүх сүсэгтнүүдээс орох ёстой.... Бурханы анд нөхөд өө!   Эдгээр хувь хандивын тань оронд та нарын эрхэлж буй газар тариалан, үйлдвэрлэл, арилжаа наймаа буян хишгээр ивээгдэн олон дахин арвижих болно гэдэгт итгэгтүн.  Нэг сайн үйлс хийсэн хүн түүнээс арав дахин илүү шагнал хүртэнэ.  Эд баялгаа Бурханы замналд зарцуулсан хүнийг амьд Эзэн тэнгэр арвин ихээр бататган ивээх нь эргэлзээгүй.

-`Abdu'l-Bahá
-----------------------

САНД ХАНДИВ ӨРГӨХҮЙ (#10663)

Бурхан минь, Бурхан минь!  Үнэн хайрлагчдынхаа магнайг тэнийлгэн, баттай ялалтын тэнгэрлэг хүчнүүдээрээ тэднийг дэмжин тэтгээч.  Шударга шулуун замаараа тэдний хөлийг бат гишгүүлж, өнө эртний өглөг хишгээрээ тэдний өмнө буяныхаа үүдийг нээгээч.  Учир нь, Танаас хайрласан бүхнээ тэд Таны замналд зориулан зарцуулж байгаа бөгөөд Таны Шүтлэгийг хамгаалан сахиж, Таныг дурсан санахуйн буянд өөрсдийн итгэл найдвараа даатгаж, Таныг хайрлан шүтэхэд зүрх сэтгэлээ зориулан, Таны Гоо жавхланг бишрэхдээ Таны таалалд нийцэхийн тулд өөрсдийн эзэмшил хөрөнгөнөөс юугаа ч харамлахгүй байна.
Эзэн тэнгэр минь ээ!  Тэдэнд элбэг арвин хувь хэмжээ, заяагдсан буян хишиг ба баттай шан харамжийг хүртээж хайрла.
Чухам Та бол Тэтгэгч, Туслагч, Өгөөмөр, Буянтан, Хишиг хайрлагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

